ЕСӨН-ЭРДЭНЭ ХУДАЛДААНЫ ТӨВД ГАРСАН ГАЛЫГ 6 МИНУТАНД УНТРААЖЭЭ
Өчигдөр буюу 08 дугаарын сарын 18-ны өдөр Есөн-Эрдэнэ худалдааны төвд гарсан галын дүгнэлт гарчээ. Тодруулбал, тус төвийн А заалны төв хэсэгт байрлалтай /махны лангуу/ хөлдөөгчны мотор хэсгээс гал анх үүсвэрлэсэн аж. Үүнийг камерын бичлэг болон өнөөдрийн хэргийн газрын үзлэгээр тогтоосон байна. Тухайн гал нь өчигдөр оройны 20:40 цагийн үед гарсан ба Орхон аймгийн ОБГ-т 20:43 цагт дуудлага иржээ. Дуудлагын дагуу ОБГ-ын албан хаагчид хэргийн газарт очиж гарсан галыг цааш алдалгүй асар богино хугацаанд буюу 6 минутанд унтраасан байна. Галд хоёр лангууны тавиур, хөлдөөгч зэрэг эд бараа өртөж хохирлын хэмжээ харьцангуй бага гарчээ.
Есөн-Эрдэнэ худалдааны төв нь галын утаа мэдрэгч дохиололтой байсан ба гал гарах үед дуут дохио ажиллаж тухайн үед манаанд гарч байсан харуул мэдсэнээр хугацаа алдалгүй ОБГ-т дуудлага өгсөн байна. Ингэснээр тус төв нь хохирол багатай галын аюулаас аврагдаж чадсаныг ОБГ-ын Гамшгаас хамгаалан Улсын хяналтын байцаагч, Ахмад Х.Баатарзориг хэллээ. Олон нийтийн үйлчилгээний байгууллагууд болон айл, өрхүүд галын дохиоллын хэрэгсэл болон гал унтраах автомат системийг суурилуулснаар энэ мэтчилэн болзошгүй галын аюулаас аврагдаж хохирол багатай унтраах боломжтой аж.