Ардаас асууя

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т итгэл найдвараа 100 хувь өгсөн Уурхайчдын амьдрал гудамжинд гарах гэж байна

     Уурхайчид өөрсдийн амьдарч байгаа байраа томруулахаар газар, байр, машин гээд бүх хөрөнгөө зарж, байгаа мөнгөө шинээр баригдах “Уурхайчин-2” орон сууцны хороололд захиалга өгчихөөд бүхэл бүтэн улсыг тэжээж байгаа ганц том үйлдвэр буюу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т итгэж 2-3 жил дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гудамжинд гарах дээрээ тулж айлын хашаа, гэрийг түрээслэн айлын хатавчинд амьдарч байна. Уурхайчид Эрдэнэт үйлдвэрт итгэсэндээ өдийг хүртэл нэг ч Хууль шүүхийн байгууллагаар явалгүй байрны асуудал нь хэрхэн шийдэгдэж орон сууц нь баригдаж шинэ байрандаа хэзээ орох бол гэж нүдээ ширгэтэл, өдрийн бодол шөнийн зүүд болж эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирчихсон ч хүлээсээр бас дахин хүлээсээр. Харин тэд захиалсан орон сууцандаа ороогүй мөртлөө тухайн байрны зээлийг төлж өрнөөс өрний хооронд зээлнээс зээлний хооронд 3,4 жил 2-3 банкны зээлийг өөрсдийн идэж уух, өмсөх зүйлээ танаж мөн давхар хар бор ажил хийж зөвхөн зээл төлж өрөнд дарлуулан амьдарч байна.

    Хэрвээ Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ баталгаагүй, эрсдэлтэй үйлдвэр байсан бол хэзээ ч уурхайчид ингэж бүх хөрөнгөө тавьж туухгүй мөн хохирогч болохгүй байсан биз ээ. Бүх хөрөнгөө алдчихсан, дээрээс нь сэтгэл санааны асар их гүн хямралтай, хохиролтой байгаа уурхайчид юмаа олж авахын тулд хэрүүл тэмцэл хийж, жагсаал цуглаан зохион байгуулах нь тэдний наад захын асуудал…

    Гэтэл уг асуудлаас болж Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ зарим залуу уурхайчидаа ажлаас хална гэх зэргээр дарамтлах болж. Тэгвэл одоо уурхайчдын итгэл найдвар тасарч эхэлжээ. Уурхайчид Хууль, Шүүхийн байгууллага, АТГ, Хүний эрхийн комисс, цаашлаад Төрийн гурван өндөрлөгт хандахаар зэхэж байна.

   “Уурхайчин-2” орон сууцны захиалагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, гүйцэтгэгч “Өргөө хаан констракшн”ХХК-аас өдий хүртэл бүтэн 3 жилийн хугацаанд чухам яагаад хариуцлага нэхэхгүй нүдэн балай, чихэн дүлий байна вэ? Эх сурвалжийн мэдээлснээр “Өргөө хаан констракшн”ХХК ямар ч хөрөнгөгүй мөртлөө тендэрт шалгарсан гэх. Тодруулбал, Тендэрт орохдоо БНХАУ-ын нэгэн компаниар хөрөнгөө гаргуулж тендэрт шалгарчихаад нөгөө компанитайгаа хамтарч ажиллахаа больсон гэх мэдээлэл байна. Тэгвэл чухам яагаад Өргөө хаан компани хөрөнгөгүй мөртлөө тендэрт хүч үзэж шалгарав, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ чухам яагаад тухайн компаниар уурхайчдын байрыг бариулахаар болов? Тендэрт өрсөлдөж буй компаниудад ямар ч шалгуур үзүүлэлт, шалгалт хийдэггүй  хэрэг үү? гэх мэтчилэн асуудлууд олны анхаарлыг татаж байна.

Үргэлжлэл бий…

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button