Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч эрхэм дээд Шейх Мухаммад Бин Зайд Аль-Нахъянтай уулзлаа
Визийн шаардлагаас чөлөөлөх тухай санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдаж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 28 дугаар бага хуралд оролцлоо. Энэ үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъянтай уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын харилцааг өргөн хүрээтэй салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх удахгүй тохиох Арабын Нэгдсэн Эмират Улс байгуулагдсаны 52 жилийн ойн мэндийг дэвшүүлсэн юм. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий дахинд тулгарч байгаа сорилтыг даван туулахад олон улсын хамтын нийгэмлэг төдийгүй улс бүр хувь нэмрээ оруулахын ач холбогдлыг тэмдэглэж, эдгээр чиглэлд хоёр улсын санаачилга, зорилтуудыг уялдуулан үр дүнтэй хамтран ажиллахын чухлыг онцоллоо.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян тус улсын хөгжлийн хөтөлбөр, ирээдүйн зорилтуудын талаар танилцуулж, цаашид Монгол Улстай энэ өдөр байгуулж байгаа баримт бичгүүдийн хүрээнд олон салбарт хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагаагаа нягт, тууштай хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн хоёр улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын хүрээнд Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэх баримт бичгүүдийг байгууллаа.
Тодруулбал, Дипломат, албан/тусгай болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, Засгийн газрын хөгжил, шинэчлэлийн талаар туршлага солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, АНЭУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хамтарсан хороо байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн, АНЭУ-ын Эмиратын бодлогын төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, Цахим сургалтын санаачилгад хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын ерөнхий газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дижитал сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг; Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Абу Дабигийн Хэвлэл, мэдээллийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгүүдийг тус тус байгуулсан юм.